Хэрэглэх нөхцөл

СЭЗИС-ийн Цахим ухаалаг сургалтад суралцахаар элсэн орсон Эрхэм оюутан танд баяр хүргэе!

Бид танд СЭЗИС-ийн Цахим сургалтын талбарыг ашиглах ерөнхий нөхцлийг толилуулж байна.

Нэг. Цахим ухаалаг сургалтад суралцах ерөнхий нөхцөл

СЭЗИС-ийн Цахим ухаалаг сургалтад хамрагдахын тулд холбогдох шаардлагуудыг хангасан байх ба үүнийг элсэлтийн комисс хянаж, зөвшөөрнө. Тус сургалтад элсэхдээ admission.ufe.edu.mn хаягаар орж бүртгүүлэн, сонгосон хөтөлбөрийн сургалтын төлбөрийг төлсний дараа Цахим сургалтын төвд хандсанаар та талбарт нэвтрэх эрх авна. СЭЗИС нь хичээл эхлэхийн өмнө оюутан бүртэй "Цахим ухаалаг хөтөлбөрт суралцах гэрээ”-г байгуулна.


Цахим ухаалаг сургалтын эхэнд бид цахим талбарт хэрхэн суралцах, харилцааны хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаарх танилцуулга, удирдамжийг танд цахим шуудангаар урьдчилан илгээнэ. Хичээл тус бүрийг мэргэшсэн хөтөч багш удирдаж, таныг дэмжин чиглүүлнэ.  


Хоёр. Цахим ухаалаг сургалтад бүртгүүлэх

Цахим ухаалаг сургалтын бүртгэл жилд 4 удаа явагдах бөгөөд элсэгчдийг тухай бүр элсэлтийн зарлалд гарсан хугацаанд бүртгэнэ. Элсэхийг хүсэгчид элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг СЭЗИС-ийн  ufe.edu.mn, admission.ufe.edu.mn вэбсайтаас авч болох бөгөөд лавлах зүйл гарвал online.center@ufe.edu.mn электрон шуудангийн хаягаар болон 70150261 утсаар, эсвэл биечлэн хөтөлбөрт хандаж болно.


Цахим ухаалаг сургалтад суралцах хүсэлт гаргагчийг энэхүү сургалтад хамрагдахад тавигдах техникийн шаардлагыг (компьютер, чихэвч, интернэт холбогдсон байх ба эдгээр хэрэгслүүдийн хэвийн ажиллагаа болон интернэтийн хурд шаардагдах түвшинд байгаа эсэхийг хичээл бүрийн өмнө шалгах, нэмэлтээр микрофон, камер, ухаалаг гар утас, таблет зэргийг бэлтгэсэн байх боломжтой) бүрэн хангасан байна.

Гурав. Сургалтын төлбөр

Цахим ухаалаг сургалтад суралцах оюутан сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрөө төлж, СЭЗИС-ийн захирлын тушаалаар оюутан болсон байна. Сургалтын төлбөрийг төлсний дараа курст нэвтрэх эрх нээгдэх болохыг анхаарна уу. Элсэлт зарлагдсанаас хойших эхний 10 хоногт төлбөрөө төлбөл 5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн албан байгууллагууд СЭЗИС-тай гэрээ байгуулж хамтран ажиллах тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой.

Дөрөв. Цахим ухаалаг сургалтын зохион байгуулалт

Цахим ухаалаг сургалт нь холимог хэлбэртэй явагдах бөгөөд энэ нь цахим сургалт ба танхимын сургалтыг хослуулан хэрэгжүүлэх замаар сургалтыг амжилттай зохион байгуулахыг хэлнэ. Оюутнуудын танхимд хүрэлцэн ирэх боломжоос хамааруулан 2 төрлөөр бататгах хичээлийг хийнэ. Хэрэв оюутан танхимд хүрэлцэн ирэх боломжгүй (орон нутагт, эсвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа) бол семинар, бататгах давтлагыг видео хурал, видео семинараар зохион байгуулах ба зөвлөгөө өгөх цагаар багш нартайгаа тогтмол харилцаж байх, семинарын хэлэлцүүлэг, онлайн шалгалт зэргийг цахим сургалтын талбарт зохион байгуулна. Хэрэв оюутан СЭЗИС-д биеэр ирэх боломжтой бол явцын болон төгсгөлийн шалгалтын өмнө багшийн санал болгосон хуваарийн дагуу танхимд хүрэлцэн ирж багш нараас зөвлөгөө, давтлага авна. Үүний дараагаар онлайнаар хичээл бүрийн шалгалтыг өгнө.    


Оюутан суралцах зорилгоо сайтар ухамсарлан, өөрийн зорилгын төлөө тууштай байж, сургалтын гэрээгээр тохиролцсон хэлэлцүүлэг болон шалгалтын цагийн хуваарийг чанд мөрдөх шаардлагатай ба онцгой, хүндэтгэн үзэх тохиолдолд хэлэлцүүлэг шалгалтыг нөхөн өгөх боломжтой юм. Үүнд:

  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар аль нэг хэлэлцүүлэг, явцын шалгалтыг өгөх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа хөтөлбөр болон цахим сургалтын төв, багшид хамгийн багадаа 24 цагийн өмнө цахим шуудангаар эсвэл утсаар урьдчилан мэдэгдэх, ингэснээр түүнтэй холбогдох баримт бичгийг үндэслэн нөхөж өгөх 1 удаагийн эрх авч болно.

  • Оюутан болон багшийн интернэтийн холболтоос шалтгаалан хэлэлцүүлэг, шалгалт тасалдсан тохиолдолд дахин хугацаа тохирон явуулна.

Багш хэлэлцүүлгийн болон шалгалтын хуваарьт өдөр оюутныг 15 минутаас илүүгүй хүлээх ба хэрэв энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд тасалснаар тооцно. Энэ тохиолдолд тасалсан хэлэлцүүлэг, шалгалтыг нөхөж авахгүй болохыг анхаарна уу.

Тав. Оюутны хариуцлага

Та цахим ухаалаг сургалтад нэвтрэх эрхтэй болсон тэр үеэс эхлэн дараах үүргийг хүлээнэ:


1. Бүртгэлийн нууцлалыг хамгаалах

СЭЗИС-ийн цахим сургалтын талбарт бүртгүүлсэн нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Түүнчлэн талбараас гарахдаа Гарах холбоос дээр заавал дарж гарч байх шаардлагатай. Хэрэв бүртгүүлсэн нэр, эсвэл нууц үгээ мартсан бол суралцагч online.center@ufe.edu.mn хаягаар и-мэйл бичиж нэр, нууц үгээ сэргээлгэнэ.

2. Сургалтанд хуваарийн дагуу идэвхтэй оролцох

Тухайлбал семинарын хэлэлцүүлэг, чатанд тогтмол оролцож бие даалт, гэрийн даалгаврыг хийнэ. Хэлэлцүүлэг, чат, и-мэйлээр зөвхөн сургалтын агуулгатай холбоотой мессеж илгээнэ. СЭЗИС нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.

3. Цахим ухаалаг сургалтаар үзэх хичээлүүдийн агуулга, видео хичээлүүд болон тараах материалуудыг файл болон цаасан хэлбэрээр бусдад дамжуулахгүй байх

СЭЗИС нь Монгол улсын Оюуны өмчийн хуулийн дагуу сургалтын агуулгын зохиогчийн эрхийг эзэмшиж буй тул суралцагч түүнийг бүх хэлбэрээр хувилах, тараахыг хориглоно. Та манай үйлчилгээг аливаа хууль бус зүйлд ашиглавал таны үйлчилгээний эрхийг хааж зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу. Дараах нөхцөл байдал үүсвэл таны үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн, эсвэл бүрмөсөн хаах болно:

  1. Суралцагч СЭЗИС-ийн цахим сургалтын талбарыг ашиглах нөхцлийг зөрчих

  2. Суралцагч хүсэлт гаргах

  3. Техник, хамгаалалтын гэнэтийн асуудал гарах. Энэ тохиолдолд суралцагчид урьдчилан мэдэгдэхгүй байж болох ба энэ тухай вэбээр урьдчилан мэдэгдэх болно.


СЭЗИС



Last modified: Thursday, 22 March 2018, 12:24 PM